Баатарсурэн

Намайг Эрдэнэбаатарын Баатарсүрэн гэдэг. ОХУ-ын Буриад улсын Их сургуульд суралцсан явдал бол миний хувьд хамгийн анхны хилийн дээс алхаж гадаад орны соёл, амьдралтай танилцах эхлэлийг тавьсан. Хэдий богино ч амьдралын хамгийн нандин дурсамжтай үеүд Улан-Удэ хот, тэр дундаа Буриадын Их сургуульд өнгөрчээ.

2014 онд Монгол улсын боловсролын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж төгсөх үед багш маань Буриадын их сургуулийг танилцуулсанаар магистрын зэрэг горилохоор ОХУ-ын Буриад улсыг зорихоор шийдсэн. Мэдээж анх удаа хилийн дээс алхах гэж байгаа хүний хувьд бэлтгэх зүйлс их ч мэдээлэл хомс, ямар сайндаа л сурах гэж явж байж аялалын виз даруулсанаа сургуулийн олон улсын харилцааны албан дээр очоод мэдэж байж билээ. Тэгээд тэр даруй нутгийн зүг буцаж визний ангиллаа солиулж байсан.

Хэлний хувьд ч бас асуудал... анх очоод л хэн юу ярьж байгаа нь бүү мэд, юм хэлээд л хэлээд л чихний хажуугаар л өнгөрөөд байдаг. Супермаркетаар л явж хүнсээ цуглуулах дуртай байлаа учир нь жижиг дэлгүүр, зах орохоор авах юмаа хэлж мэдэхгүй, ойлголцоход хүнд шүү дээ. Өдөр бүр ойлгохгүй ч гэсэн мэргэжлийн хичээлдээ тасралтгүй сууж, хэлний хичээл, дүрмээ байнга давтаж, орос хэл дээр байнгын кино үзсэний дүнд арай дээр болсон.

Сургуульдаа анх ороод эхний хичээл дээрээ л шантарч эхэлхэд ангийн нөхөд, багш, хамт суралцаж байсан монгол оюутан ах, эгч нар, сургуулийн хамт олон, хэлний бэлтгэлийн багш нар бүгд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэний хүчинд 2 жилийн хугацаанд амжилттай суралцаж Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэргийг хамгаалсан. Гадаад хэл дээр суралцаж, боловсрол эзэмшинэ гэдэг миний хувьд маш хүнд даваа байсан.

2016 онд сургуулиа төгсч Монголдоо ирээд Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2018 онд төрийн албаны шалгалтанд тэнцэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Сурсан мэдсэн эрдэм мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлж, төрийн албандаа зүтгэж яваадаа маш их бахархдаг.

Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.