Баттур Ундармаа

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

БГУ-г сонгосон миний түүх...

Аль багаасаа л аав ээж 2 минь намайг орос хэлийг төгс сургаж Орост сургана гэж их ярьдаг байсан. Тийм ч шалтгаанаар орос хэлийг илүү түлхүү үзэж төгс эзэмшихээр зорьсон билээ. Зорилгодоо ч хүрч 9-р ангиасаа авахуулаад орос хэлтэй холбоотой тэмцээн, олимпиад, уралдаануудад идэвхтэй оролцсоор байгаад 11-р ангийн Улсын олимпиадад оролцож 1-р байр эзэлж алтан медалиа авсан билээ.

Ингээд л аав ээжийнхээ болон өөрийнхөө ч мөрөөдлийг биелүүлж тэтгэлэгт нэн тэргүүнд хамрагдаж ОХУ-ын боловсролын яамнаас хуваарилагдаж Буриад улсын их сургууль буюу БГУ-д суралцах урилга хүлээж авсан. Анх 2010 онд 17-хон настай би ганцаараа чадна гээд л вагонд суугаад Улаан-Үүдэд их орой ирж консулын зочид буудалд буусан. Маргааш нь эрт босч сургууль дээрээ очиж гадаад оюутнуудыг хариуцсан хэлтэс орж өөрийгөө танилцуулсан. Яг миний сонгосон мэргэжил нь сэтгүүлч бөгөөд хэл зүйн факультет байсан болохоор тийшээгээ чиглүүлж явуулсан. Хариуцсан багштай танилцаад зааварчилгаа авсаны дараа багш бидний хажуугаар өнгөрч байсан 2 оюутан: нэг нь орос охин, нөгөөдөх нь буриад залуу, шууд зогсоогоод л за энэ охинд оюутны байранд ороход нь тусал гэж үүрэг болгоод хичээлтэй гээд яараад гүйчихсэн. Өнөөх 2 маань найрсгаар яриа өрнүүлж за ажлуудаа гялс амжуулъя гээд л 3-лаа консулын зүг миний ачаа авах гээд зүглэв. Явах замдаа тэр 2 маань /Олеся, Алдар – маркетингийн, 2-р курсын оюутан/ зөндөө юм асууж хэлний дадлага болов. Оюутны байранд орж, оюутны байрны төлбөр төлөх, бүртгэлээ хийлгэх гээд бүтэн өдрийн ажил болдог юм байна лээ. Шал танихгүй хүнд өөрийнхөө найзад тусалж байгаа юм шиг дэндүү сайхан хандсан тэр 2-тоо маш их баярлаж дараа дараад нь би ч ач тусаа мартаагүй найзалж тусалсан.

Хамгийн хөгтэй, харин миний хувьд хүндхэн дурсамжуудын нэгт: хичээлийн эхний өдөр маш том лекцийн танхимд багш нэр дуудахад ганцхан намайг самбар руу гарч ирээд нэрээ бич гэдэг байлаа. Бурхан минь. Иймэрхүү янзаар 5 паар дуусгав. Сүүлийн паар дээр бүр дургүй хүрээд овог нэрээ урьдчилж цаасан дээр бичээд багшдаа шууд аваачаад өгчихсөн. Байхгүй, бүгд инээлдээд би гэдэг хүн чинь улам л ичээд уур ч хүрээд сүүлдээ өөрөө ч инээсэн.

БГУ-д суралцах явцад зөндөө юм сурсан, ялангуяа ангийнхаа орос буриад охидоос нь. Тэд яаж ч байсан, хэзээ ч байсан, юу ч тохиолдсон хичээлдээ яс ирж даалгавраа бүгд хийдэг нь биширмээр. Бүр дэндүү мундаг, эхлээд чирэгддэг байсан. Гэхдээ би байдлыг маш хурдан гартаа авч маш их хичээж хөдөлмөрлөсний эцэст тэр мундаг охидуудтай зэрэгцэж улмаар сургуулиа амжилттай төгссөн. ОХУ-ын сургуулиуд маш том давуу тал нь оюутнууд нь тэтгэлгээр суралцах боломж байдаг. Анх элсэхдээ төлбөртэй гэрээгээр элссэн ч сургалтын явцад дүнгийн асуудалгүй зөвхөн 5 үнэлгээтэй мөн судалгаа шинжилгээний ажил их хийж, сургуулийн нийгмийн амьдралд үр бүтээлтэй идэвхтэй оролцож бүр маш сайн байвал тодорхой бичиг баримт, өөрийнхөө хийсэн ажлуудын танилцуулга бэлдэж зөвлөл, декан нь зөвшөөрч тэтгэлэгт хамрагдаж мөн улмаар стипенди өндөр авах бүрэн боломжтой. Оюутнуудынхаа бүх хичээл зүтгэлийг дэмждэг – урлагийн үзлэгт, сургуулиа төлөөлж спортын ямар нэгэн төрөлд оролцсон оюутан бүрт мөнгөн шагнал өгч урамшуулдаг. Юм болгонд давуу болон сул тал бий, таны хувьд аль нь илүү их байна? Таны хичээл зүтгэл, хөдөлмөр, хандлага бүгдийг шийднэ. Гадаадад суралцах гэж байгаа юм бол дундаасаа зорилгоосоо буцах, зорилго мартаж болохгүй. Хайран цаг хугацаа шүү дээ. Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай гэж залуучууддаа аминчлан захья. Та бүхэнд амжилт хүсье.