Давыд Мөнгөншагай

Намайг Давыдын Мөнгөншагай гэдэг. Буриад улсын их сургуульд ахлах курсийн оюутнууд өдрөөр бакалаврт суралцаж байгаа тохиолдолд нэгэн зэрэг хоёр мэргэжил эзэмших боломжтой байдаг. Ингэж сурах саналыг ээж минь эхлэж надад тавьсан юм. Би ч үүнийг миний хувьд том боломж гэж бодсон. Тэр үед би ам бүл нэмэн удаан хугацаанд завсарлаж, үеийн найз нөхдөөсөө хоцорч байсан болохоор илүү хурдан сурч хөгжих ёстой гэдгээ мэдэрсэн. Тиймээс өдрөөр “Эдийн засаг удирдлагын дээд сургууль”-д суралцаж, оройгоор “Хууль зүйн сургууль”-д зэрэг сурч амжилттай төгсөж чадсан юм.

Буриад улсын их сургууль надад маш том боломж буюу бакалавр төгссөн хойно сургуульдаа үнэ төлбөргүй, стипендтэй магистрт суралцах боломжийг нээж өгсөн.

Одоогоор би гадаадын хөрөнгө оруулалттай компанид ерөнхий менежерийн ажил эрхэлж байгаа. Мөн би эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой тул профессор, улс төрийн шинжлэх ухааны доктор Родионов В.А. багшийн удирдлаган доор мэргэжлээ дээшлүүлэхээр аспирантурд Буриад улсын их сургуульд сурч байна.