Отгонбатын Намуунтөгөлдөр

Сайн байцгаана уу.

Намайг Отгонбатын Намуунтөгөлдөр гэдэг. Би Буриад улсын их сургуулыг энэ жил буюу 2020онд бакалавр зэргээр суралцан төгсөж байна. Бага байхаасаа гадаад хэлийг сургуульд монголдоо л сурч заалгадаг байсан бол орчинд нь өөрөө ирээд сурсан дурсамжтай дөрвөн жил өнгөрлөө. Сурахад хэцүү ч шинэ орчин, соёл, хүмүүс гээд шинэ зүйлс болгон үнэхээр сонирхолтой байсан бөгөөд орос хэлийг орчинд нь илүү хурдан мөн чанартай сурах боломжийг надад өгсөн.

Буриад Улсын Их сургууль нь боловсролтой чадварлаг багш, ажилчидтай. Би энэ сургуульд олон улсын хууль эрх зүйн ангид суралцан төгсөж байгаа билээ. Манай анги бусад хуулийн ангиудаас онцлог зүйл нь олон талын хуулийн мэдлэг олгож, цаашлаад нарийн мэргэжлийн хичээлүүд орж олон улсын хуулийг гүнзгийрүүлж үздэг. Мөн манай ангид орос, хятад, монгол гээд олон үндэстэн суралцадаг учраас улам хөгжилтэй, сонирхолтой байдаг. Би суралцах хугацаандаа ОХУ-ын хуулийн онцлог, ялгаатай зүйлсийг мэдэж авахаас гадна орос хэлний түвшин мэдэгдэхүйц ахиж, англи, хятад хэлийг зохих хэмжээнд сурсан. Үүнийгээ ч цаашдаа улам сайжруулж, амьдралдаа хэрэглэнэ гэж боддог.

Мөн сургуулийн удирдлага зөвхөн сургалт хичээл дээр анхаарах биш, гадаад оюутнуудад амьдрахад тулгарч байгаа асуудлуудад ч давхар анхаардаг.

Улаан-үүд хотноо сайн сургуульд суралцахыг хүссэн хүн бүрт би БГУ-д суралцахыг зөвлөх болно. Мэдээж хичээлээс гадна спорт, урлагын олон төрлийн тэмцээн наадам үргэлж зохиогддог. Идэвхтэй сурагчдыг үргэлж бүх талаар нь дэмжиж өгдөг.

Улаан үүд хот нь цэвэрхэн ногоон эрүүл орчин, шинэ хоол хүнс гэх мэт амьдрах бүхий л таатай орчныг бүрдүүлсэн тайван хот билээ.

Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл, аюулгүй орчинд нөхөрсөг, тусч хүмүүсийн дунд амьдарч акедемик мэдлэг олж авсандаа, болон бие даан амьдрах олон чадварыг сурч авсандаа баяртай байна.

Бусад оюутан сурагч болон төгсөгчиддөө цаашдын ажил амьдральд нь өндөр амжилт хүсье!