Тэгшжаргалын Мөнхзул

Намайг Тэгшжаргалын Мөнхзул гэдэг Буриадын их сургуультай хувь заяагаа холбоод нэгэнт 12 жилийг ардаа үлдээж ээ. Анх 11 жилээ төгсөөд л 18 хүрээгүй байхдаа орос хэл , тэр тусмаа Буриад гэж ямар улс байдгийг мэдэхгүй байж зориг гаргаад сурахаар явж билээ. Тэр үед аав ээжээсээ холдоод явна гэж бодохоор л их айж байснаа өчигдөр юм шиг л санаж байна. Харин Улан-Удэ хотод очоод хөршүүд, багш нар, олон улсын харилцааны албаныхан, ангийнхантайгаа танилцаад сургуулиа мэддэг болоод цаг хугацаа маш хурдан сонирхолтой өнгөрсөн нэг мэдэхэд л 4 жил дуусаж бакалавраа төгсөж дахин сурахаар болж сургуулийнхаа захирлын тэтгэлгээр магистрт сурч 2014 онд “Хууль эрх зүйч, нийтийн эрх зүй”-гээр төгссөн юм. Тэгэхдээ гадаадад төрөлх хэл дээрээ биш өөр хэл дээр дээд боловсрол эзэмшинэ гэдэг бол маш хэцүү байсан. Ангийн хүүхдүүд даалгавраа дуусгаад унтаж байхад словарь /толь бичиг/ бариад ОХУ-н хуулийг мөн ч их орчуулсандаа, тийм ч амар биш шүү. Хэл сурах гэж их хөглөсөндөө дэлгүүр ороод байгаа мөнгөндөө хэрэгтэй зүйлээ хэлж авч чадахгүй ичсэндээ өөр зүйл аваад гарч байсан үеч бий.

Одоо би нэгэн хувьцаат компанид хууль эрхзүйг хариуцсан ахлах аудитороор ажилладаг. Мэргэжилдээ дээшлүүлж дахиад сурахаар болсон энэ удаад ч бас ямар ч эргэлзээгүй “БГУ” буюу Буриадын их сургуулийг сонгосон байгаа.

Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.